Нутаг амьтай аав
Үг Д.Сумъя Ая Н.Цолмон
Талын гурван улаан минь
Тарж нэг хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ
Газрын эмжээр хүнгүй минь
Галгиж нэг цалгиж нэг тослоо доо
Гандуу дээлтэй аав минь
Гаднаа чиг гэртээ чиг байх шиг ээ
Гандуу дээлтэй аав минь
Гаднаа чиг гэртээ чиг байх шиг ээ
Жирмийн сүлжээ харгуй минь
Жиндээ нэг аяндаа нэг хөтлөө юу
Жирвий саарлаараа аав минь
Жилдээ ч нэг сардаа ч нэг ирэх шиг ээ
Жирвий саарлаараа аав минь
Жилдээ ч нэг сардаа ч нэг ирэх шиг ээ
Нүүдлийн олон шувууд минь
Нуураа нэг тойрмоо нэг эргэлээ дээ
Нутгийн хэдэн буурлаасаа би
Нуугдаж нэг зүүгдэж нэг уйллаа даа
Нутгийн хэдэн буурлаасаа би
Нуугдаж нэг зүүгдэж нэг уйллаа даа
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen