2025-04-18

Саа мөнгөн хэрлэн

Буурлын буман үеэсээ
Буян хишигээ татаагүй
Ухаант гүнжийн домгоороо
Удам дамжин магтагдсан
        Санаанд нэг л уянгатай 
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана. 

Хэнтий дорны уудмыг
Хээлэн гоёж өнгөрөхдөө
Бүсгүйн ялдам зангаар аа
Бүхнийг ундаалж мишээсэн
      
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.

 Сайхан монгол орондоо
 Саатан тогтохоос уйдаагүй ч
 Хээрийн салхины аясаараа
 Зээрийн сүрэг шиг хуйларсан
     
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen