2025-12-02

Чин Зүрхний Хайр

Онгон талын сарнай шиг
Ариун танхил гэргий минь
Оюу эрдэнийн хэлхээ шиг
Нулимс унаган мэлмэрнэ

Цагил мөнгөн утас шиг
Уян хатан аалинд чинь
Цангинах дууны эгшиг шиг
Уран увдис нууцарна

Цэнлэг алтан үрэл шиг
Цагаан сувдан хэлхээ шиг
Цэнгэг мөрний долгио шиг
Сэтгэлийн үерт хуйларна

Ийм нэгэн сэтгэл

Үг. Ө. Балчиндорж
Ая. М. Норсонжав

Тэнгэрийн уудамд аялсан
Тэргэл цагаан сар уу даа
Тэртээ өндөр ууландаа
Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ

Алхан тамгатай хээрийгээ
Арилжиж битгий солиорой
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай

Навчин тамгатай хээрийгээ
Наймаалж битгий солиорой
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай

2025-11-12

Зүрхний санаашрал


Үг: Буд Ая: Амаржаргал /МУГЖ/

Үдшээр уйлах өвсөн шүүдэрт хөлөө норгоод
Үндсэнд шургасан чимээгүй бодлоо зүрхэндээ тэрлээд
Нар хүлээх талдаа үүрийг угтан суухад
Намайг бүүвэйлсэн чиний минь хайр надад энхрий

Хажууд нь хоржигнох булгийн урсгал чиний инээд
Холхи оддын хилгүй гүнд шөнийн гэгээ
Зүүдний юм шиг амрагын диваажинд миний нисгэсэн
Зүрхний хараацай хайрын дуу эндээс эхтэй

Санааширалд аялах саран авхай надтай ханьсаад
Салхины исгэрээ лимбэний дуунд уяран хайлаад
Чиний нэр шиг наддаа дотно туяагаа илгээж
Чимээгүй дүнсийх талд бууж бишүүрхэн учирдаг юм

Холын саран надад тэгээд хайрын домог хүүрнэн
Хормойд нь саваагүйтэх салхи нь номхорч хөл дор унтаад
Сар бид хоёрын богинохон учрал өндөрлөхөд
Санаа амран өндийн босон дэгдэдэг юмаа

2025-11-04

ИТГЭЛ ЮМ ШҮҮ


Шүлэг: Н. Энхбаатар
Ая: Цэн Эрдэнэбат
Уудмын холоос ч гийгүүлэн байдаг
Ургах наран шиг туяарсан
Уяруухан хайранд чинь би
Үргэлж мөнхийн гэрэлтэж явна аа би
     
     Зөндөө ихээр хүсэн хүлээсэн
     Зөнгөөр учирсан хайр минь юм шүү дээ чи минь
     Аргадан аргадан чамайгаа л энхрийлсэн
     Ариухан гэгээн итгэл юм шүү дээ

Алсын чандаас ч тольдонхон байдаг
Амгалан саран шиг асгарсан
Аальгүйхэн инээдэнд чинь би
Ашид мөнхийн гэрэлтэж явна аа би
     
     Зөндөө ихээр хүсэн хүлээсэн
     Зөнгөөр учирсан хайр минь юм шүү дээ чи минь
     Аргадан аргадан чамайгаа л энхрийлсэн
     Ариухан гэгээн итгэл юм шүү дээ

Намайг чамтай учруулан угтдаг
Найгал уул лус цэнхэртсэн
Намуухан аалинд чинь би
Насан мөнхийн гэрэлтэж явна аа би
     
     Зөндөө ихээр хүсэн хүлээсэн
     Зөнгөөр учирсан хайр минь юм шүү дээ чи минь
     Аргадан аргадан чамайгаа л энхрийлсэн
     Ариухан гэгээн итгэл юм шүү дээ

2025-09-29

Нарны Унага

Намрын бороо та надад юу шивнэв
Навчис цочоон та юунд шиврэв
Настай ээжийн минь сургаал үгийг
Надад та шивнэн дамжуулав уу

Настай ээжийн минь сургаал үгийг
Надад та шивнэн дамжуулав уу

Намрын бороо та надад юу шивнэв
Навчис цочоон та юунд шиврэв
Унаган нутгийн минь танил аялгуу
Уянга дуутай хослон эгшиглэв үү

Унаган нутгийн минь танил аялгуу
Уянга дуутай хослон эгшиглэв үү

2025-08-26

Ай чи минь хаа явна вэ

Нялх багын сэтгэл
Халин нисээд одлоо
Халх монгол бүсгүйг
Хайж мөрөөдөх боллоо

Ай чи минь хаа явна вэ?

Аз заяа хурсан
Өрх гэрээ бариад
Өр зүрхнээ хослох
Хань минь чи хаа явна

Ай чи минь хаа явна вэ?

Нарт дэлхийн уудамд
Үүрд ханилах ханиа
Олж харахгүй явна уу
Онж танихгүй байна уу

Ай чи минь хаа явна вэ?

2025-08-25

Асгын чулуу

Асгын чулуу ганц нэгээрээ
Ангасан адуу шиг гол бараадна аа
Уулын орой ундаасан цангаж
Униар дунд нь зүүрмэглэн байна

Уруу газар луу ус урсавч
Уур болон дээшээ дэгдэнэ ээ
Үүлэн цацал тэнгэрт хөөрч 
Үрэл мөнгөн дусал болно оо

Наранд ойрхон ч уулын орой
Насан туршдаа сэрүүхэн байна
Цариг цагаан тэргүүн дээр нь
Цасан титэм гялбанхан байна

Уруу газар луу ус урсавч
Уур болон дээшээ дэгдэнэ ээ
Үүлэн цацал тэнгэрт хөөрч 
Үрэл мөнгөн дусал болно оо

Наран хурын зохицол бүр дээр
Намжаа дэлхийн үзэмж тодорно оо
Насанд орших сайхан нутаг минь
Намайг чамайг уяраанхан байна

Уруу газар луу ус урсавч
Уур болон дээшээ дэгдэнэ ээ
Үүлэн цацал тэнгэрт хөөрч 
Үрэл мөнгөн дусал болно оо